Дэлхийн түүхэнд
бичигдсэн гайхамшигтай монгол морь
Дэлхийн түүхэнд бичигдсэн гайхамшигтай
монгол морины тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Энэ бол Америкийн түүхэнд
тодоор бичигдсэн, давжаахан биетэй монгол морины түүх юм. Баатарлаг хэмээн
цоллогдсон Реклэс морины тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй.
Энэ морь 1954 оны Солонгосын дайнд
оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшгийг
үзүүлдэг байжээ. Хүч чадал сайтай, омголон, эрэмгий ч хүлэг байсан гэдэг. Олон
олон орноор аялж явдаг циркчин морь биш мөртлөө дайны хүнд хэцүү он жилүүдэд
хамгийн олон орон дамжсан байна. Тэрхүү морины түүх Солонгосоос эхэлсэн. Морь
мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт ирсэн
байна. Эх нутагтаа эргэн ирж чадаагүй ч түүнийг монгол морь гэдгийг хүн бүхэн
мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн зүсчилбэл хул
морь байсан ажээ.
Анхны дуудлага худалдаагаараа 250
ам.долларын үнэд хүрч хүмүүсийн нүд чихийг сэртийлгэж байсан юм. Түүний
Солонгос эзэн нь Ким Хук Мүн гэгч залуу хүү байсан бөгөөд хайртай морио зарах
болсон шалтгаан нь эгчдээ хиймэл хөл хийлгэх шаардлагатай байснаас болжээ.
Харин түүнийг Эрик Педэрсэн гэгч америк эр
худалдан авснаар хул морины амьдрал өрнөд зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойноо
ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанждын итгэлтэй хүлэг байсан
тухай олон хүн дурсан ярьдаг.
Дайнч морь байсан тухай олон хүн ам дамжин
ярьдаг байсан аж. Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг
хүргэж өгдөг байжээ. Өрнөдийн, эсхүл солонгос морьдыг бодоход бие жижигтэй ч
гэсэн маш хүчтэй, ухаантай морь байсан хэмээн ярьдаг.
Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45
хэмийн налуу хэд хэдэн уулыг давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван
өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим
удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр
зэвсэг зөөсөн байгаа юм.
Дайны дараагаар Реклэст баатар цол өгч, үндэсний
баатар болгон шагнасан юм. Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч,
дайчдын авдаг бүгдийг хамарч байсан. Тэрээр Армийн нил ягаан зүрхтэн цол, Сайн
удирдагчийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын
медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж
байсан ажээ.
Реклэс 1960-аад оноос тэтгэвэртээ гарсан
бөгөөд энэ хугацаандаа ч хуучныхаа адил цэргийн анги дээрээ байрлаж,
цэргүүдтэйгээ шар айргаа уун амардаг байсан. Реклэс 1968 онд нүд аньсан юм.
Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд
түүний хөшөөг барьж дурсгалыг нь хүндэтгэсэн юм.
0 comments:
Post a Comment